Худалдаачид хууль мөрдөхгүй байна

Улаанбаатар хотын зүүн хэсэгт байх “Да хүрээ” техникийн зах нь машин тэрэг, хөл хөдөлгөөн ихтэй газар. Жижиг худалдаа эрхлэгчид уг захын хажуугийн  авто замын хоёр талын нэгдүгээр эгнээг хаагаад зорчих хэсэг дээр зарын самбар байршуулж, зарим нь дугуй засвар ажиллуулан, авто машины тос, тосолгооны материал худалдаалсаар өнөөг хүрсэн. Үүнд ямар нэг хариуцлага тооцдоггүй тул энгийн үзэгдэл мэт хэвшжээ.

Цайз захаас Шар хадны эцэс хүртэл 3.7 км авто замыг  2011 онд “Ялгуусан” ХХК өргөтгөн шинэчилсэн. Ингэхдээ хоёр эгнээ /тус бүр нь 3.5 м/ бүхий 7 метрийн өргөнтэй байсан замыг дөрвөн эгнээтэй 14 метр өргөн болгож, нэвтрүүлэх чадварыг сайжруулсан.

New Bitmap Image

 

 

Гэвч наймаачдын хариуцлагагүй үйлдлээс болж уг зам бүрэн хүчин чадлаараа ашиглагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлсөн татвар буюу улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгөөр хийсэн ажлын үр дүн гүйцэд гарахгүй байна гэсэн үг.

Шар хад-Хороолол чиглэлд нийтийн үйлчилгээнд явдаг бага  оврын тээврийн хэрэгслийн жолооч

“Манайх өдөртөө нэлээн хэд тойрдог. Эхэндээ зам дээр тавьсан элдэв зүйлээс болж наймаачидтай их муудалцдаг байлаа. Одоо ч тойрч гараад л явдаг болсон. Тоохоо байсан. Гэхдээ л түгжрэл ихтэй болохоор хэцүү байдаг юм” гэж ярилаа. Мөн энэ чиглэлд зорчиж явсан суудлын авто машины жолооч “Манайх Шар хаданд болохоор өдөр бүр үүгээр явна. Зам түгжрээд ядаж байхад бүхэл бүтэн хоёр эгнээг хэнэг ч үгүй хаагаад самбар тавьчихсан байдаг. Ийм байдлаас болж бид өдөр бүр хохирч байна” хэмээв.  

Зорчих хэсэгт самбар тавьсан наймаачдаас яагаад зам хаагаад буйг нь лавлахад “Би ганцаараа биш энэ  хавийнхан угаасаа л ингэдэг шүү дээ. Дугуй засварууд ч ялгаагүй”, “Зам дээр зарын самбар тавихаар хүмүүс юм их авч бараа гүйлгээтэй байдаг.  Чамд ямар хамаатай юм бэ” гэхчлэн хэдэрлэж байна.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн 54.11 дүгээр зүйлд “… авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт хог, бохир ус, чулуу, төмөр, бусад зүйлсийг хаях, байрлуулах, овоолсон, авто замын зурвас газарт худалдаа хийсэн бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заажээ.

 

Харин 8, 9 дүгээр зүйлд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга болон цагдаагийн байгууллага нь аливаа зөрчлийг арилгах, хяналт тавих бүрэн эрх, үүрэгтэй аж. Өөрөөр хэлбэл, нэг нь эрхийнхээ дагуу хариуцлага тооцож эмх журам тогтоох, харин нөгөөх нь үүргээ биелүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайг дураар ашиглахгүй байхыг хуулиар зохицуулсан ч бодит амьдрал дээр хэрэгждэггүй аж.

 

Монгол улсын авто замын зөвлөх инженер Ж.Батсайхан:

“Энэ замыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадвал тухайн чиглэлд зорчиж буй тээврийн нэгж өртөг хоёр дахин хямдрах учиртай. Тээврийн нэгж өртөг гэдэгт цаг хугацаа, авто машины шатахуун болон элэгдэл хорогдлын зардал, хугацаанаас үүдээд тухайн хүний үйл ажиллагаа явуулах зардал гэсэн гурван хүчин зүйл багтдаг. Мөн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх үр дагаврыг давхар тооцвол бүр ч өндөр дүн гарна. Наад зах нь нүүрсний утаанаас илүүтэйгээр агаарыг бохирдуулдаг тээврийн хэрэгслийн хорт бодис бүхий утаа багасах юм. Зам дээрх саад тотгороос түгжрэл үүсдэг, осол гардаг. Энэ бүхэнд иргэд эдийн засгийн хохирол амссаар байна” хэмээн ярилаа.

Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ж.Энхбатаас  замын зорчих хэсэг дээр хөдөлгөөнд саад болохуйц зүйл тавьсан тохиолдолд яах ёстойг асуулаа. Тэрээр  “Ийм үед тухайн жолооч боломжтой бол өөрөө зайлуулж болно. Мөн энэ талаар замын цагдаагийн байгууллагад тодорхой мэдээлэх хэрэгтэй” гэв.

Хүчин төгөлдөр хуулийн дээрх зүйл заалтуудыг хэрэгжүүлэх үүрэг бүхий хүмүүс нь үл тоосоор, үүний нөлөөгөөр иргэд хохирсоор. Энэ шударга бус байдлыг өөрчлөх боломж бий юу?

Энэ асуултад хуульч Л.Цэвээндолгор

“Нийгэмд илт хууль бус үзэгдэл байгаа тохиолдолд үүнийг таслан зогсоохыг хэн нэгэн шаардах хэрэгтэй. Тухайн зөрчилтэй холбоотой буюу шууд хамааралтай хүмүүс нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хуулиа сахихгүй бол шат шатны газарт гомдол гаргаж, шийдвэрлүүлж болно. Тухайлбал, Нийслэлийн захирагчийн албаны дэргэдэх иргэд хүлээн авах төв, Замын цагдаагийн газар гэх мэт иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр аливаа хуулийн зөрчил дутагдлыг засч залруулах үүрэг бүхий газрууд, олон боломж бий”

гэж хариулсан юм.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.