Уламаа эгчийн уйлсан шалтгаан

Өглөөнөөс хойш  тасралтгүй үргэлжилсэн Захирлын зөвлөлийн хурал цайны цаг өнгөрсөн хойно түр завсарлахад ерөнхий нябо Уламаа эгч баргар царайлан гарч ирээд нүүрээ гараараа даран ариун цэврийн өрөө рүү орчихов. Араас нь сандран очтол тэр ихэд багтран бөөн бөөн нулимс унаган уйлж байна.

  • Та яагаа вэ, бие чинь зүгээр үү? гэхэд
  • Зүгээр ээ, миний дүү орж бай. Эгч нь дараа тайлбарлая… гээд халгаасангүй.

Удалгүй удирдлагууд дахин цуглаж шөнө дөл болтол үргэлжүүлэн хуралдсан юм даг. Ажлын минь хамгийн сайн хамтрагч нягтлан эгчдээ тэр өдөржин санаа зовж, яагаад уйлсныг нь үл ойлгон шаналсаар өнжиж билээ. Харин маргааш нь биш бүүр сүүлд /бид хоёр өөр өөр байгууллагад ажилладаг болсон хойно/ л тэр яагаад уйлснаа тайлбарлаж өгсөн юм.

Бид хоёр Засгийн газрын бондын хөрөнгөөр санхүүждэг нэгэн төсөлд ажилладаг байлаа. Төслийн хөрөнгө санхүүгийн асуудал маш ээдрээтэй. Байнга л янз бүрийн маргаан, хэл ам гардаг. Тэр бүхнийг Уламаа эгч л нуруун дээрээ үүрч, өөрийн мэргэжлийн ур чадвараараа цэгцэлж ирсэн.

Тэр нэг өдрийн хурал дээр захирлууд санхүүгийн зарим тоо баримтыг зориуд өөрчлөхийг ерөнхий нябо-гоос шаардсан байгаа юм. Харин насаараа нягтлан хийсэн Уламаа эгч ул суурьтай хандаж, бүх ажлаа хуулийн хүрээнд, мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээнд хийж сурснаараа “Үгүй, чадахгүй” гэж л дээ. Гэтэл нөгөөдүүл “Нэг бол үүнийг хий, эсвэл ажлаа өг” гэж тулгаж нэг үзэж, “Өөрийг чинь асуудалд оруулахгүй. Бүгдийг нь бид хариуцна” гэх мэтээр гуйж, ятгаж ч үзсэн байна.

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа гэдэг хэд хэдэн шатны хяналт, аудитаар давхар баталгаажиж явдаг тогтсон стандарт, нарийн дэг журамтай тул энэ салбарт ажиллаж буй мэргэжилтэн бүрээс өндөр хариуцлага шаарддаг. Энэ жишгээр Уламаа эгч бүх ажлаа ном журмаар нь хийнэ ээ гээд л гүрийгээд байж.

Гэлээ ч хамт олны харилцаа, ялангуяа удирдах албан тушаалтны гуйлт, шахалт гэдэг хэцүү. Аргаа барахдаа “Та нар гэж юу гэж хэлсэн ч бай эцсийн эцэст санхүүгийн тооцоог санаатайгаар буруу үйлдсэн нягтлан л шоронд ордог юм” гэж хэлээд цухалдан уйлсан нь тэр ажээ.

Тэрээр дараа нь энэ тухай ярьж байхдаа “Өөрчлүүлэх гээд байсан тэр тоо нь тийм ч ноцтой гэмт хэргийн шинжтэй зүйл уг нь биш л дээ. Байгууллагынхаа үйл ажиллагааны зардал буюу бидний цалинг л цаг хугацаанд нь тасалдуулахгүй өгөхийн тулд зарим баримтыг хөдөлгөж, зохицуулалт хийх шаардлага байсан юм. Гэхдээ санхүү бүртгэлд дараа аргалж болно гээд тоомжиргүй хандаж яагаад ч болохгүй” хэмээв.

Угаасаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.6-д “Энэ хуулийн 8.4-т зааснаас бусад тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн баримт, данс, санхүүгийн тайланг засварлахыг хориглоно” гэж заасан байдаг.

8.4 гэдэг нь зөвхөн бүртгэл хөтлөхөд гарсан алдааг холбогдох баримт материалыг үндэслэн зөв үзүүлэлтийг бичсэн нэмэлт баримт бүрдүүлэн, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр залруулга хийж баталгаажуулах тухай заалт юм. Тиймээс энэ мэт хуулийн хариуцлагыг нарийн мөрдөж ажиллахгүй л бол нягтлангууд томоохон эрсдэлд орно.

Төр хувийн хэвшлийн алинд ч санхүү, бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд онцгой анхааралтай байхгүй бол гэм хийгээгүй ч гэнэт “хэцүү нэрт”-ийн хаалга татах эрсдэл өндөр. “Цэвэр агаар” сангийн удирдлага болон ерөнхий нябо нь төсвийн хөрөнгө завшсан хэргээр шүүхээс ял шийтгүүлсэн. Мөн Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөртэй хамтран ажилласан нэгэн хувийн компанийн нягтлан Б.Мөнгөнтуяа гэх эмэгтэйг гэмт хэрэгт сэжиглэж олон сар хорьж цагдаж, улмаар ял шийтгэл оноосон ч сүүлдээ гэм буруугүйг нь тогтоож, цагаатгаад байгаа. Гэлээ ч түүний сэтгэл санааны болон эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг одоо болтол барагдуулаагүй. Энэ мэтээр нягтлангуудын ажлын хариуцлага, онцлогийг илэрхийлэх жишээ олон бий. Зарим нь муу ажиллаж хариуцлага алдсанаас бус ердөө “нягтлан” байсныхаа төлөө л хохироод үлддэг байна…

Уламаа эгчийг уйлж байх тэр үед улс төр, нийгмийн  янз бүрийн шалтгаанаар төрийн мэдлийн болон төрийн өмчийн оролцоотой төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн ажилтнуудыг АТГ зэрэг хууль хяналтын байгууллагаас толгой дараалан шалгаж, тэд ихээхэн хүнд нөхцөлд байнгын айдастай ажилладаг байсан.

Энэ бүхэн юу хэлээд байна вэ? Санхүү, бүртгэлийн ажил амаргүй. Уламаа эгч шиг уйлах бол юу ч биш гэдгийг тодхон харуулж байна. Түүнчлэн, мэргэжилдээ үнэнч байсан нь хожиж, хөнгөн хуумгай хандсан нь хохирдгийг ч хангалттай баталж өглөө. Яагаад гэвэл Уламаа эгчийн ажлаас олон шатны хяналт шалгалтаар ямар ч “но” илрээгүй бөгөөд тэр өдгөө мэргэжлийнхээ ажлыг нэр төртэй хийсээр л яваа.

business-tax-law-consultation-in-gatineau-1200x800

Өнөөдөр манай улсад 23 мянган нягтлан бодогч ажиллаж байгаагаас 3600 нь Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институти /ММНБИ/-ийн албан ёсны гишүүн. Энэ байгууллага 1996 оноос өнөөдрийг хүртэл гишүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, аудит, нягтлан бодох бүртгэлийн салбарын хөгжил, эрх зүйн орчныг олон улсын стандартад нийцүүлэхийн төлөө ажиллаж байна. Нийгэм, цаг хугацаа өөрөө энэ салбарынхныг илүү хариуцлагатай, ур чадвартай болж, улам мэргэшихийг шаардаж байгаа.

Энэ талаар “BDO Аудит” ХХК-ийн ерөнхий захирал МУ-ын хугацаагүй эрхт Мэргэшсэн нягтлан бодогч Г.Баянмөнх:

…Сүүлийн үед олон улсын жишигт үүсмэл санхүүгийн хэрэгслүүд бий болж, нягтлан бодох бүртгэл, хөтлөлт илүү төвөгтэй болж байна. Бүртгэлийн баримтжуулалт цаасан хэлбэрээс электрон хэлбэрт шилжиж эхэллээ. Энэ хэрээр мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай, авъяастай нягтлан бодогчийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна гэж ярилаа…

Улс орны эдийн засгийг ил тод байлгаж, илүү  их ашигтай, үр дүнтэй болгох үйлсэд нягтлан бодох бүртгэлийн салбарынхны үүрэг оролцоо, хувь нэмэр цаг хугацаа явах тусам улам нэмэгдэж байна. Мөн санхүүчид гэдэг зөвхөн өөрт оногдсон ажлаа хийгээд хэдэн тоо бодоод суудаг бус өөрийгөө болоод өрөөлийг алдаж гишгэхээс сэргийлдэг, хариуцлагатай ажиллахыг үлгэрлэдэг онцгой мэргэжилтнүүд юм. Нягтлан хариуцлага алдвал байгууллага хамт олны ажил унана. Аж ахуйн нэгжүүдийн ажил унахад  нийт эдийн засаг уруудна… гэх мэтээр шууд болон дам нөлөө их. Тэр бүгд олны нүдэнд ил харагдаад байдаггүй. Уламаа эгчийн уйлсан шалтгаан жижиг асуудал биш ажээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.